Wednesday, October 12, 2011

ТАЛАРХАЛ

Эрхэм хүндэт Профессор, Багш, Ажилтан, Оюутнуудаа

ЭМШУИС-ийн эрдэмтэн профессор, багш ажилтан, оюутнууд Та бүхэн Монгол улсын анагаах ухааны боловсролын хөгжил түүхэн шинэ хуудас нээж, хүний их эмч бэлтгэх анагаах ухааны суурь боловсролын нэгдмэл хөтөлбөрөө Номхон далайн баруун бүсийн Анагаах ухааны боловсролын холбооны шинжээчдэд амжилттай үнэлүүллээ.

Та бидний нэвтрүүлсэн нэгдмэл сургалтын хөтөлбөр нь олон улсын стандарт шаардлагад бүрэн нийцэн, сургалтын орчин үеийн технологийг амжилттай хэрэгжүүлсэн болохыг шинжээчдийн үнэлгээ нотлон харууллаа.

Олон улсын хэмжээд сургалтын хөтөлбөрөө үнэлүүлэх эрхэм үйлсэд чин сэтгэлээсээ идэвхи зүтгэлтэй оролцсон эрдэмтэн профессор, багш, ажилтан, оюутан Та бүхэнд баярын халуун мэндийг дэвшүүлье.

Сайн үйлс дэлгэрэх болтугай.

ЭРҮҮЛ МЭНДИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ИХ СУРГУУЛЬ

АНАГААХ УХААНЫ СУРГУУЛЬ

Monday, October 10, 2011

"МЭДРЭЛ СУДЛАЛ" НОМ ШИНЭЭР ХЭВЛЭГДЭН ГАРЛАА



Эмнэлзүйн мэдрэл судлалаар эмч мэргэжилтэн бэлтгэн гаргах сургалтанд зориулсан "Мэдрэл судлал" сурах бичгийн хоёрдахь хэвлэлтийг мэргэн уншигч танаа толилуулж байна. Сурах бичигт эмнэлзүйн мэдрэл судлалын ерөнхий ба тусгай ангийг багтаасан болно. Тэргүүн ангид мэдрэлийн системийн бүтэц, үйл ажиллагааны үндсэн зарчим, хөдөлгөөн, мэдрэхүй, тэнцвэр, гавал-тархины мэдрэлүүд, дээд мэдрэлийн үйл ажиллагааны өөрчлөлтийн шинж тэмдгүүд, тэдгээрийг илрүүлэх үзлэгийн өвөрмөц арга, мэдрэлийн эмгэгийн байршил зүйн оношийн асуудлыг бүлэглэн авч үзсэн байна. Мөн мэдрэл судлалын клиникийн практикт өргөн нэвтэрч буй багажин шинжилгээний орчин үеийн аргуудын (рентген, мэдрэлийн дүрст оношлогоо, электрофизиологийн шинжилгээ, хэт авиан допплерографи г.м.) талаар багцлан өгүүлсэн; дэд ангид мэдрэлийн эмгэгийн үндсэн хамшинжүүд (гавлын дотоод даралт ихдэлт, тархи усжилт, ухаан алдалт, комын байдал, толгой эргэх хөдлөл, нойрны өөрчлөлт, тэнэгрэл г.м.) болон мэдрэлийн бие даасан нэршил бүхий өвчнүүдийн тодорхойлолт,шалтгаан, эмгэгжам, эмнэлзүйн илрэл, оношлогоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэх гэсэн логик дарааллаар, шалтгаан үр дагаварын холбоонд нь орчин үеийн мэдлэгийн түвшинд бүлэглэн бичжээ. Сурах бичиг 612 хуудастай, 140 гаруй зураг, хүснэгт, загвар орсон болно.
Сурах бичгийг ЭМШУИС, түүний салбар Анагаах ухааны дээд сургуулиудын төгсөлтийн дараах сургалтын шатлалд суралцаж буй резидент, магистр доктор, мэдрэлийн эмч нарт зориулсан байна.

Сонирхсон хүмүүс доорхи хаягаар холбоо барина уу.
Мэдрэл судлалын тэнхимийн профессор, АУ-ны доктор Г. Цагаанхүү. Утас: 99290330
/УКТЭ-ийн Мэдрэлийн эмгэг судлалын клиник/